Ажлын талбар дээрээ итгэлээ харуулах нь: Бүрэн бүтэн амьдралаар амьдрахуй

Бид итгэлээ ажил хөдөлмөртэйгөө уялдуулан нэгтгэж, нэгэн цогц зүйл болгоход суралцах хэрэгтэй. Бидний хийж байгаа бүхий л зүйл дээр Бурханд итгэх итгэл болон Бурхантай харилцах харилцаа маань илэрхий харагддаг байх аваас бид ажлынхаа талбар дээр жинхэнэ зорилго болон ер бусын хүч чадлыг олж харах болно. Энэхүү таван өдрийн төлөвлөгөө нь таныг ажлын талбар дээрээ итгэлээ харуулж сурахад туслах таван чухал алхмаар хөтлөн дагуулах бөгөөд тийнхүү та Бурханы алдрын төлөө жинхэнэ бүрэн бүтэн амьдралаар амьдрахад суралцах юм.

 

1. Ажил хөдөлмөртөө Бурханыг урих нь

 

Нийгэм биднийг итгэлийн амьдралаа гэр орон, ажил, гэр бүлийн харилцаа гэх мэт зүйлсээс ялгаж салган, зөвхөн сүм чуулган дээрээ л, эсвэл Библи судлалын бүлэг дээрээ л итгэлээ харуулах ёстой мэтээр ойлгуулдаг. Харин Бурхан бидний амьдралын бүхий л талбарт байхыг хүсдэг. Бид ажил хөдөлмөрөөсөө, эсвэл амьдралынхаа аль нэг талбараас итгэлийн амьдралаа тусгаарласнаар Бурханы хийх ажлыг хязгаарлаж байдаг.

Бурхангүйгээр ажиллавал бид ажлаа өөрсдийн хүч, мэдлэг чадвараар хийх болно. Та долоо хоног дуусах үед, тэр ч байтугай нэг өдөр өнгөрөхөд л ямар ч хүчгүй болтлоо ядарч сульдан, бөөн стресс болчихсон байдаг уу? Үнэндээ бидний дотор Ариун Сүнс оршдог бөгөөд энэ нь үнэхээр гайхалтай давуу талыг бидэнд олгож байдаг. Ариун Сүнс бидний бодол санаа, мэдрэмж, үйлдэл бүрийг өөрчлөн шинэчилж, ингэснээрээ бидний дотор оршин буй Ариун Сүнстэй бид хамтран ажиллах, зөвхөн Бурханаас ирдэг мэргэн ухаан, хүч чадлыг хүлээн авах боломжтой болдог юм.

Ажил хөдөлмөрөө Ариун Сүнсний хүч, мэргэн ухаанаар хийх нь бодсоноос маань ч илүүгээр биднийг хүчирхэгжүүлэн чиглүүлж байдаг. Гэхдээ энэ нь биднээс сонголт хийхийг шаарддаг. Бид Бурханыг ажлынхаа талбарт урьж, Түүнд зориулан орон зай гаргах сонголтыг хийх хэрэгтэй.

Дараах энгийн алхмуудаар дамжуулан ажлын талбар дээрээ Бурханы хүчийг урих боломжтой. Үүнд:

Зүрх сэтгэл, оюун ухаанаа нээх. Тухайн өдрийг эхлэхээс өмнө ажлын хуваариа харж, төлөвлөсөн уулзалтуудынхаа төлөө залбир. Бурханыг ажлын өдөртөө урьж, бүхий л өдрийн турш Түүнийг эрэлхийлж, Бурханы ажиллаж байгааг харах үедээ талархаж сураарай.

Ажлын өдөртөө Бурханд зориулан орон зай гаргах. Өдрийн тодорхой үеүдэд ажлаа түр зогсоож, Дуулал 143:6-д Давидын хэлсэн шиг Бурхан руу гараа сунган, Түүний удирдамжийг хүсэж байгаарай.

Таны дотор оршиж байгаа Ариун Сүнсний хүчийг ойлгохыг эрэлхийл. Есүсийг үхэгсдээс амилуулсан яг тэр хүч бидний дотор оршдог. Бурханы хүч чадлын гайхамшгийг, агуу байдлыг ойлгоход тань туслахын төлөө Бурханд хандан залбир.

Өнөөдөр та ажил хөдөлмөр дээрээ Бурхан Эзэний хүч чадлыг хэрхэн харуулж болох вэ?

ДУУЛАЛ 143:6
Би Тан уруу гараа сунгана.
Сэтгэл минь ангасан газар мэт
Тан уруу тэмүүлдэг.

ЕФЕС 1:18-19
зүрхний чинь мэлмийг гийгүүлээсэй! Ингэснээр та нар Түүний дуудлагын найдварыг мөн ариун хүмүүс дэх Түүний өвийн алдрын баялгийг бас итгэдэг бидэнд хандсан Түүний хүч чадлын яндашгүй аугааг мэдэх болтугай. Энэ нь Түүний хүч чадлынх нь хүчний үйлдэл билээ.

 

2. Бурханд “За” гэж хэлэхийг сонгох нь

 

Өдөр бүр, хором мөч бүрд та бид эргэн тойрондоо байгаа дэлхий ертөнцийн дарамт, нөлөөн дор ажиллах эсвэл Бурханд "За" гэж хэлэх гэсэн сонголттой тулгарч байдаг. Хэрвээ бид Түүнийг ажил хөдөлмөртөө урих юм бол Тэр биднийг удирдан чиглүүлж, зарим үед ойлгохгүй байгаа зүйлсээ ч хийж чадах хүчийг өгдөг.

Симон Петр бусад нөхдийн хамт бүх л шөнөжин загасчилсан боловч юу ч барьж чадаагүй сууж байв. Урам нь хугарч, ядарсан тэд загасны тороо хураах гэж байлаа. Тэр үед Есүс олон хүний хамт тэнгисийн эрэг дээр ирсэн бөгөөд Тэрээр хүмүүст сургаал заахдаа завийг тавцан болгож ашиглахаар шийджээ. Есүс сургаалаа зааж дуусаад Симонд хандан “Усны гүн уруу нь оч, загасчлахын тулд тороо доошлуул” гэж хэлэв. Туршлагатай загасчин хүний хувьд Симон гүн усанд загас баригдах боломж улам багасдагийг сайн мэддэг байв. Тэд бас шөнөжингөө юу ч барьж чадаагүй байлаа. Гэвч тэр бас Есүсийн юу хийж чаддагийг урьд нь харж байжээ.

Энэ бүхэн ямар ч үр дүнд хүргэхгүй гэдгийг Симон хэлэхгүй байж чадсангүй (яагаад гэдгийг нь та ч бас ойлгосон биз ээ). Гэсэн хэдий ч тэрээр Есүсийн хэлснийг хийсэн бөгөөд баригдсан загас нь маш их байсан тул хоёр завь дүүргэж, бүр завь нь живж эхлэв. Ажлынхаа талбар дээр Есүст "За" гэж хэлсэн нь тэдний төсөөлж байснаас ч илүү амжилтыг авчирч, асар их загас барьж чаджээ. Ингээд тэд тэр их загасаа орхин, Есүсийг дагахаар шийдсэн юм.

Амжилтын талаарх дэлхийн болон Бурханы тодорхойлолт хоёр тэс өөр. Симон болон түүний хамтрагчдын бүтэлгүйтлийн дараа Есүсийн тушаалаар дамжуулан арвин их загас барих боломжийг Бурхан өгсөн бөгөөд жинхэнэ амжилтад хүрэхийн тулд Бурханд итгэж найдах үед юу тохиолддог болохыг энэ үйл явдлаар дамжуулан Симонд болон бусад дагалдагчдад харуулжээ.

Таны ажил дээр өмнө нь тохиолдож байсан бүтэлгүйтлийг Бурхан ашиглаж, Өөр рүү нь хараагаа чиглүүлэхэд, мөн танд зориулсан Бурханы зорилгуудыг эрэлхийлэхэд хүргэж байсан уу?

Бурханд “За” гэж хэлэхийн тулд:

● Дэлхийн нөлөөнд үгүй гэж хэлэхэд бэлэн байх.

● Бүтэлгүйтэл эсвэл амжилтаас айх айдсаа Есүст итгэх итгэлээр даван туулах.

● Бурханы бидэнд хэлсэн зүйлийг дуулгавартай дагах.

Ойрын үед Ариун Сүнс таныг юуг хийлгэхээр ятгаж байна вэ? Та Бурханд “За” гэж хэлэхийн тулд ямар ямар алхам хийж болох вэ?

Лук 5:1-11

Бурханы үгийг сонсох гэсэн ард олон Түүнийг тойрон бүчсээр байхад Тэр Геннесаретын нуурын эрэг дээр зогсож байсан бөгөөд тэр үед нуурын хөвөөнд хоёр завь байхыг харав. Харин загасчид нь завинаасаа буугаад тороо угааж байлаа. Есүс завинуудын нэгэн дээр буюу Симоны завин дээр гараад, газраас жаахан холдуулахыг түүнээс гуйж, суугаад завин дээрээс ард олонд сургаалаа заалаа. Тэрээр айлдаж дуусаад, Симонд

—Усны гүн уруу нь оч, загасчлахын тулд тороо доошлуул гэхэд Симон

—Эзэнтэн, бид шөнөжингөө зүдэж зүтгээд юу ч бариагүй, гэхдээ хэлснээр тань тороо доошлуулъя гэв. Ийн үйлдтэл маш олон загас орсноор тор нь хүүрч эхлэв. Тэд нөгөө завин дээр буй нөхдөдөө, ирж туслахыг дохиход тэд ирж хоёр завийг дүүргэсэнд живэх шахав.

Үүнийг үзсэн Симон Петр, Есүсийн хөлд унаад

—Эзэн, намайг орхиоч! Би нүгэлт хүн гэлээ. Энэ загасчлалаас болж тэр болон нөхөд нь бүр цочирджээ. Мөн Симоны хамтрагчид болох Зебедеен хөвгүүд Иаков, Иохан хоёр ч гайхаж хоцров. Тэгтэл Есүс, Симонд

—Бүү ай! Үүнээс хойш чи хүмүүсийг загасчлах болно гэв. Тэгээд тэд завиа эрэгт татан гаргаад, бүхнээ орхин, Түүнийг дагалаа.

Ефес 3:20

Эдүгээ, дотор маань ажилладаг хүчний дагуу гуйх буюу бодох бүхнээс минь илүү хэмжээлшгүй бялхлаар үйлдэх чадвартай Түүнд

 

3. Хаанчлалын хараа зорилготой болох нь

 

Ихэнх хүн ажлыг хүнд хэцүү гэж бодох хандлагатай байдаг. Бид “ашгүй Баасан гараг боллоо” гэдэг үгийг их хэлдэг мөртлөө “За ашгүй дээ, Даваа гараг ирлээ” гэж огт хэлдэггүй. Даваагаас Пүрэв гараг хүртэл амьд үлдэх тэмцэл хийж байгаа юм шиг хандаж, эцэст нь нэг юм амралтын өдөр болж байгаад баярладаг энэ хандлагаа бид эргэж нэг бодож үзэх хэрэгтэй. Маш олон хүн ажлыг баяр хөөртэй үйлс гэхээсээ илүү хүнд хүчир зүйл гэж үздэгт гайхах зүйл үгүй.

Бид ажлын талбартаа Ариун Сүнсийг урьж, Түүний хүчээр ажиллах үедээ ажил хөдөлмөрөөсөө жинхэнэ утга учир, зорилго, баяр хөөрийг олж авч чаддаг юм. Улмаар энэ байдал нь эерэг сэтгэлгээг бий болгож, бид ажлаа илүү баяр жаргалтай хийдэг болоод зогсохгүй бүтээлч байдал, эрч хүч маань илүү нэмэгдэж, ажлын үр дүн маань ч илүү их болох болно.

Ром 12:2-д биднийг энэ дэлхийн нөхцөл байдалд нийцэлгүй, харин Бурханы хүслийг ялгаж танихын тулд оюун ухаанаа шинэчлэх замаар өөрчлөгд гэж хэлдэг. Хаанчлалын хараатай байх нь биднийг ажлын талбар дээрх аливаа сорилт, амжилт, ололт бүгдийг Бурханы нүдээр харах боломжийг олгодог. Ингэснээр бид өдөр бүрийнхээ ажлаас утга учир, зорилгыг олж чадна.

● Бодол санаагаа сайн зүйл дээр төвлөрүүлэх. Сөрөг зүйлсийг биш, харин хүндэтгэлтэй, сайн, сайшаалтай зүйлсийг болон магтууштай зүйлсийг хар. Энэ энгийн сонголт нь өдөр бүр улам илүү эерэг хандлагатай болж өөрчлөгдөхөд туслах болно.

● Бодол санаан дээрээ төвлөрөх. Юу бодож байгаадаа маш анхааралтай бай. Бодлоо анзаарч, Бурханы үгэнд дуулгавартай байхыг хичээгээрэй.

● Талархах. Бидний амьдралд талархаж болох зүйлс олон бий. Та ажилтай байгаадаа, таныг дэмждэг хүмүүс байдагт, Бурханы ивээл болох авьяас чадварынхаа төлөө талархаарай. Бид талархах хандлагатай байх тусам ажил хөдөлмөр дээрээ Бурханы оршихуйг илүү мэдрэх боломжтой болдог.

Та хаанчлалын хараатай болохын тулд юу хийх вэ?

Ром 12:2
Энэ үеийн явдалд нийцэлгүй, харин оюун санааныхаа шинэтгэлээр өөрчлөгдөж байгтун! Тэгвэл Бурханы сайн, тааламжит, төгс төгөлдөр таалал юу болохыг таних болно.

Филиппой 4:4-8
Эзэний дотор үргэлж баярла. Би дахин хэлнэ. Баярлагтун! Та нарын тэвчээр бүх хүнд мэдэгдэг. Эзэн ойрхон байна. Юунд ч санаа бүү зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл. Бүх оюун ухааныг давах Бурханы амар тайван нь та нарын сэтгэл санааг Христ Есүс дотор хамгаална. Эцэст нь, ах дүү нар аа, юу нь үнэн, юу нь хүндэтгэлтэй, юу нь зөв, юу нь ариун, юу нь сайхан, юу нь сайшаалтайг, мөн аливаа сайн үйл байвал, магтууштай ямар нэгэн юм байгаа бол эдгээрийг тунгаацгаа.

2Коринт 10:5
Бурханы мэдлэгийн эсрэг босогч алив бардамналыг устгаж, бодол бүрийг Христийн дуулгаварт олзолдог.

4. Ажил хөдөлмөрт зориулсан жинхэнэ зорилгыг олж мэдэх нь

Бурханы Бүтээлийн ажлын дараа Эхлэл 2:2-д "Долоо дахь өдөр гэхэд Бурхан хийж байсан ажлаа гүйцээгээд, хийж байсан бүх ажлаасаа Тэрээр долоо дахь өдөртөө амарчээ." хэмээн хэлсэн байдаг. Бурхан Адамыг бүтээсний дараахан Адам цэцэрлэгт ажиллах анхны даалгавраа авсан юм (Эхлэл 2:15). Тэр үед ажил хөдөлмөр бол ивээл ерөөл байсан, гэвч гэм нүгэл ажил хөдөлмөрт сөргөөр (өргөс зангуу, хэвлэгч дотор цаас гацах гэх мэт) нөлөөлөх болсон. Гэхдээ Бурханы ивээлээр Есүс үхэл, амиллаараа дамжуулан биднийг төдийгүй ажил хөдөлмөрийг ч гэсэн аварч чөлөөлсөн юм.

Бид ажил хөдөлмөрийг ихэвчлэн олж буй орлого, албан тушаал гэх мэт үр дүнгээр тодорхойлдог. Гэтэл Бурхан ажлыг илүү утга учиртай байхаар бүтээсэн. Эхлэл номын 2:15-д ажил гэж орчуулагдсан үг нь авода (avodah) гэдэг үг байдаг бөгөөд энэ нь ажил хөдөлмөр, мөргөл, үйлчлэл гэсэн утгыг илэрхийлдэг. Энэ гурав хамтдаа байх үед бидний ажил хөдөлмөр дэх жинхэнэ зорилго тодорхой харагдаж байдаг. Бидний ажил бол мөргөлийн нэг хэсэг төдийгүй Бурханд болон бусдад хайраар үйлчлэх хэрэгсэл байх учиртай. Энэ нь албан өрөө цэвэрлэх, компьютер дээр ажиллах, хүүхдэд хичээл заах, байгууллага удирдах гэх мэт БҮХИЙ л ажилд хамаатай.

Бурхан бидний хүн нэг бүрийг урьдаас бидэнд зориулж бэлтгэсэн тодорхой ажлын төлөө бүтээсэн (Ефес 2:10) төдийгүй хүн тус бүрд онцгой бэлэг авьяасыг өгсөн. Ингэснээрээ бид бүхэл биеийн үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах боломжтой болдог юм (Ром 12:4-8). Бурханы хувьд ямар нэг ажил нөгөөгөөсөө илүү сайн эсвэл илүү чухал байдаггүй.

Бид ажлаа магтаал мөргөлийн үйлс болгохын тулд сэтгэлгээгээ, ажилдаа хандах байр суурь хандлагаа өөрчлөх шаардлагатай.

● Та тодорхой зорилгын төлөө бүтээгдсэн: Бурхан таныг онцгой байдлаар бүтээж, тодорхой ур чадварыг ивээл болгон өгсөн бөгөөд ингэснээрээ та ажил хөдөлмөрөөрөө дамжуулан бусдад ивээл болох болно.

● Та Их Эзэний төлөө ажиллаж байна: Таны дарга хэн байхаас үл хамааран, эцсийн дүндээ бид зөвхөн Бурханд таалагдахын тулд ажиллах учиртай гэдгийг санаарай.

● Та бусдын хэрэгцээг өөрийнхөө хэрэгцээнээс дээгүүр тавь: Даруу байдал гэдэг нь өөрийгөө дутуу үнэлэх гэсэн үг биш, харин өөрийнхөө талаар бага бодож, бусдад хэрхэн үйлчлэх талаар илүү их бодох гэсэн үг юм.

Та ажлаа хэрхэн мөргөлийн үйлс болгож болох вэ?

Эхлэл 2:5
ЭЗЭН Бурхан газар дэлхий дээр хур бороо оруулаагүй, газар тариалах хүн ч үгүй байсан тул хээрийн бут сөөг газарт хараахан үгүй, тариалангийн ургамал ногоо арай ургаагүй, харин

Ефес 2:10
Учир нь бид сайн үйлсийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн Түүний бүтээл мөн. Биднийг эдгээрийн дотор яваасай гэж Бурхан урьдаас бэлтгэсэн билээ.

Ром 12:11
Хичээл зүтгэлд бүү хойрго бай. Эзэнд үйлчлэн сүнс дор шат.

Филиппой 2:1-4
Тиймээс Христ дотор ямар нэгэн зоригжуулал, хайрын тайвшрал, Сүнсний нөхөрлөл, энэрэнгүй болоод өрөвч сэтгэл бий бол адил сэтгэж, адил хайртай байж, нэгдэн, нэгэн бодолтой байж, баярыг минь гүйцээ. Юуг ч аминч санаархал эсвэл ихэрхэг зангаар бүү хий. Харин даруугаар бие биенээ өөрөөсөө дээр гэж үзэж, хүн бүр өөрийн ашиг сонирхлыг бус, харин бусдын ашиг сонирхлыг хар.

 

5. Бурханд болон бусдад үйлчлэх нь

 

Авода/Avodah” (ажил) бол Их Эзэнээс ирсэн ерөөл төдийгүй бас бидний хувьд Бурханд үйлчилж, Түүнийг хайрлах хайраа харуулж байгаа явдал юм. Бид ажил хөдөлмөрөөрөө дамжуулан Бурханд яаж үйлчилж болох вэ? Түүнд таалагдахын тулд ажиллах үедээ, өөрөөр хэлбэл баяр хөөртэй, үнэнч шударга сэтгэлээр, хамгийн сайнаараа ажиллах үедээ бид Бурханд үйлчилж байдаг. Хүмүүст тохируулж биш, харин Бурханы төлөө бүх зүрх сэтгэлээрээ ажиллах үедээ, мөн ажил хийж байгаа байр байдлаараа дамжуулан итгэлээ харуулах үедээ бид Бурханд үйлчилж, ажил хөдөлмөрөөрөө дамжуулан Бурханд хайртай гэдгээ харуулдаг юм. Тийнхүү бусад хүмүүс энэ бүгдээс бидний итгэлийг олж харах болно.

Ажил хөдөлмөрөөрөө дамжуулан Бурханд үйлчилж эхлэх үед аяндаа бусдад үйлчилж эхэлдэг. Бидний ажлын орчинд ажлын дарамт, стресс бухимдал, зөрчилдөөн дүүрэн байж болно. Хүмүүс ажилладаг учраас хувь хүмүүсийн хоорондох зөрчилдөөн, харилцааны асуудлууд, алдаа дутагдал гэх зэрэг зүйлс ажлын талбар дээрх зайлшгүй гардаг. Гэхдээ дарга чинь ямар байхаас, эсвэл хамт ажилладаг хүн чинь хэн гэдгээс үл шалтгаалан эцсийн эцэст та Бурханы төлөө ажилладаг. Таны ажил бол ажлын талбар дээрх стресстэй нөхцөл байдал дунд баяр хөөр, амар тайван, хайрыг авчирч болох хамгийн том боломж юм.

Ариун Сүнс бидэнд бусдыг энэрэн хайрлах хүчийг өгч, тусламж хэрэгтэй нэгэнд нь туслах зүрхийг өгдөг. Таны удирдлага, хамтран ажиллагч, үйлчлүүлэгч гээд хэн ч бай харилцахад хэцүү хүнтэй нүүр тулах үедээ тэдэнд хүндэтгэлтэй, бас нигүүлсэнгүй хандаж байгаарай.

● Энэрэнгүй бай. Үүний тулд хүнд хэцүү үеийг туулж байгаа хэн нэгэнтэй хамт залбирах, урам зориг өгөх, эсвэл зовж шаналж буй хүнд туслах гэх мэт зүйлийг хийж болно.

● Хайраа харуул. Маш сайн ажиллах, бусдын оруулсан хувь нэмрийг хүлээн зөвшөөрөх, ямар ч нөхцөлд эелдэг байх, үнэнийг хэлэх зэрэг нь ажил дээрээ хайраа харуулах арга зам юм.

● Хүндэтгэл үзүүл. Хүмүүст бүх анхаарлаа хандуулдаг байгаарай. Тэдний үзэл бодлыг сонсож, хүндэтгэ. Та санал нийлэх албагүй, гэхдээ үргэлж хүндэтгэлтэй харилцаж, ойлгохыг хичээж байгаарай.

Ажлын талбар бол бусдад хайраар үйлчлэх асар их боломж олгодог бөгөөд ингэснээрээ бид Христийн хайрыг бусадтай хуваалцдаг юм.

Колоссай 3:23-24
Та нар юу ч хийсэн, хүмүүсийн төлөө бус, Эзэний төлөө чин зүрхнээсээ хийгтүн. Учир нь та нар Эзэнээс өв залгамжлалын шагналыг хүлээн авахаа мэддэг. Та нар Эзэн Христэд үйлчилж байгаа юм.

Иохан 13:35
Бие биендээ хайртай байваас та нарыг Миний шавь гэдгийг үүгээр чинь бүгд мэдэх болно гэлээ.

1Тесалоник 5:12-13
Ах дүү нар аа, дунд чинь зүдэн зүтгэдэг ба Эзэн дор та нарыг удирдаж, зааварладаг хүмүүсийг хүндэлж, ажлынх нь төлөө та нар хайраар тэднийг өндрөөр үнэлэхийг хүсэж байна. Өөр хоорондоо эв найртай бай.

Next
Next

Бид өгч, холбогдож, хөдөлмөрлөхөөр бүтээгдсэн